СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2019-07-01

Сайд нарын Зөвлөлийн 1959 оны  04-р сарын 22-ны 159-р тогтоолоор атрынанхныЗэлтэрийн САА-н барилга байгууламжийг барих барилга ангийг байгуулснаар Сэлэнгэ аймагт мэргэжлийн барилгын байгууллагын он цагийн хүрд эргэж эхэлсэн түүхэн улбаатай.

Тэрхүү түүхийн хүрд жарантай эргэж, нэгэн жарны хугацаанд хувьсгалын өлгий нутгийн үе үеийн барилгачдын гараар Сэлэнгэ аймгийн төв хөдөөд үйлдвэр, хөдөө аж ахуй, нийгэм соёлын  олон арван барилга байгууламж сүндэрлэн босчээ. Манай яруу алдарт барилгачид энэ 60 жилд Сүхбаатар хотыг цоо шинээр цогцлоож,  хөдөөд механикжсан үтрэм, үрийн фондын агуулах, трактор засварын газар, үнээ ферм, сургууль эмнэлэг, цэцэрлэг,соёлын төвүүд барьж,  Сэлэнгэчүүдээс улс орноо үр тариа, төмс хүнсний ногоогоор хангах зорилтыг хэрэгжүүлэхэд манай барилгачид  үнэтэй  хувь нэмэр оруулсныг  бахархалтай тэмдэглэж байна.Сэлэнгэ аймгийн өнөөгийн барилгачид ч ахмад үеийнхээ хөдөлмөрч уламжлалыг үргэлжлүүлэн орчин цагийн хэрэгцээнд нийцсэн барилга байгууламжуудыг сүндэрлүүлж, ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархал илэрхийлье.

       Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр   тавьсан томоохон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж дуусгахад манай барилгачид ихээхэн үүрэгтэй юм.

       Барилгачин хүний гараар бүтэж сүндэрлэсэн байшин барилга бүхэн тухайн цаг үеийнхээ түүх, дурсамжийг тээн оршдогоо. Энэ утгаар нь ойлгож харвал хувьсгалын өлгий нутгийн барилгачид та бүхэн Сэлэнгэ аймагтаа олон зуун ХӨШӨӨ ДУРСГАЛ бүтээжээ. Сэлэнгэ аймагт мэргэжлийн барилгын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг үе үеийн барилгачиддаа хүргэе.

Барилгачдын яруу алдар бадарч, бүтээн байгуулалт цэцэглэн хөгжих болтугай.  

 

                                                       СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР